Өчигдөр вакцин захиалах ажлын хэгийг ахалж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Астразенека компанитай цахимаар уулзаж, вакцины явцын талаарх мэдээлэл солилцсон. Энэ утгаар манай улс тус компанийн бүтээж буй вакциныг оруулж ирэх өндөр магадлалтай байна.
Гэвч цахим сүлжээгээр манай улс хамгийн хямд үнэтэй, найдваргүй вакцин оруулж ирэхээр ярьж байгаа талаар шүүмж гарсан. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбар өглөө.
Тэрбээр “Монгол Улс Дархлаажуулалтын хуультай. Ялангуяа 0-15 насанд хийж байгаа бүх вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-ын баталгаатай вакцин хэрэглэдэг. Монгол Улс хамгийн баталгаатай, чанартай вакцин хэрэглэдэг орны нэг. Энд та бүхэн эргэлзэх хэрэггүй.
Коронавирусний хувьд ч тэр хамгийн баталгаатай вакциныг хэрэглэхээр зорьж байна.
Эхний шалгуур нь ДЭМБ-ын зөвшөөрөл, батламжтай авсан байх, хоёрдугаарт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид багтсан байх шалгуур тавина” гэлээ.
А.Сүх