Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55, орон нутгаас 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Ингэснээр өчигдөр улсын хэмжээнд 175 хүн гэрийн ажиглалтад шилжсэн.
Өчигдөр “Сүнжингранд” зочид буудлаас гэрийн ажиглалтад шилжсэн 42 хүүхдийг шуурхай штабаас нэгдсэн зохион байгуулалттайгаа автобусаар гэрт нь хүргэсэн. Иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэхдээ ХӨСҮТ-ээс гаргасан шинжилгээний дүн, албан бичигт үндэслэн зохион байгуулдаг.
Гэрийн ажиглалтад шижлсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүрэг чиглэл өгч, гарын үсгийн баталгааг авч байгаа. Ер нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байвал бид энэ өвчнийг хохирол багатай даван туулах болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Улсын хэмжээнд 8484 хүн гэрийн ажиглалтад байна.
Манай улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр бий. Улаанбаатарт 20, хөдөө орон нутагт 48 тусгаарлах байр байгаа.
Улсын хэмжээнд 52,876 м2 талбайд голомтын эцсийн болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа" гэлээ.
Б.Баатар