Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажилтанаас халдвар илэрч, тус байгууллагад халдваргүйжүүлэлт хийсэн гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгчээс коронавирусний халдвар батлагдсан. Хавьтлыг хөөж, илрүүлэх ажил үргэлжилж байгаа. Энэ дагуу тус газарт очиж үйлчлэгчээс шинжилгээ авахад коронавирусний халдвар илэрсэн.
Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Харин хоёрдогч хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй.
Энэхүү батлагдсан тохиолдлын хавьталыг тогтоохоор өчигдөр "Энхсаран" сувилал, биокамбинад орчмын 120 орчим өрхийн 400 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан" гэлээ.
Б.Бат