Иргэд хөдөө, орон нутгаас идшээ хэрхэн авч болохыг ихээр асууж байгаа. Тэгвэл төрөөс зохицуулалт хийж эхэлжээ.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Айл өрхийн өвлийн идшийг хоёр арга замаар нийслэлийн иргэдэд хүргэхээр зохицуулсан.
Нэгдүгээрт, “Монгол шуудан” компани захиалгыг авч тодорхой үнийн зохицуулалттайгаар, зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэж өгч байгаа. Жишээлбэл, Булган аймгаас гэхэд 54400 орчим төгрөгөөр гэрийнх нь гадна хүргэж өгнө гэсэн үг. Харин аймаг, орон нутагт хөдөө аж ахуйн газрууд энэ ажлыг хариуцаж байгаа. Тэд идшийг нэг цэгт хүргүүлж ачаад Улаанбаатар руу гаргах үүрэгтэй юм.
Харин Улаанбаатарт ирсний дараа баруун талд Эмээлт, зүүн талд Налайхад идшийг хүлээн авч Улаанбаатар хот руу хүргэлтийг зохион байгуулах ажлыг НЗДТГ-тай хамтран хийж байна.
Орон нутгаас нийслэл рүү хүргэлт хийхийн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихаас гадна аль аль талдаа ариутгал халдваргүйжилтийг дээд зэргээр хийх бэлтгэлийг хангаад байна.
Анхаарах ёстой бас нэг зүйл бол иргэд идшээ хэтэрхий томоор бус дундажаар 30-50 кг дотор савлан дээр нь хаягаа маш тодорхой бичин, хаягдаж, үрэгдэхгүйгээр тээвэрлэлт хийх боломжтойгоор савлах хэрэгтэй байна.
Мөн Эмээлт, Налайхаас идшийг хот руу нэвтрүүлж, тухайн иргэний оршин суух дүүргийн хамгийн ойр цэгт хүргэнэ” гэв.
У.Тэргэл