Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын болон явуулын лабораторид нийт 19680 хүнд PCR шинжилгээ хийсэн. Харин хавьтлын 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдвар авсан хүний хавьтал 5, ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчаас халдвар илэрсэн. Улаанбаатарын голомтын нийт халдвар 96 тохиолдол болж байна.
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гурав гэр бүлийн хүн. Нэг нь эмнэлгийн ажилтан. Нийт батлагдсан 193 тохиолдол боллоо. Дарханд нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 45 боллоо. Харин Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 386 боллоо. Харин Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 831 болж, эдгэрсэн хүн 365 боллоо. Халдвартай 457 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн байна" гэв.
Б.Баатар