“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Засгийн газраас хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Хуулийг анхлан 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар баталж байсан юм. Энэхүү хуулиар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Төрийн байгууллага, Төв банк болон арилжааны банкнаас цар тахлын үеийн хүн, амын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлийг бууруулах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгожээ.