БНСУ-д монгол охинуг дунд сургуулийн дөрвөн охин бүлэглэн олон цагийн турш зодож танхайрсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Гэсэн ч энэ мэдээлэл дөнгөж арваннэгдүгээр сарын сүүлчээр л Монголд ил болж олон нийтийн анхааралд өртөөд байсан юм. Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлсэн гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байсан.
Энэ үеэр “Монгол охиныг зодсон дөрвөн сурагчид шийтгэл оногдуулж, нэрийг нь олон нийтэд илчилж өгнө үү” хэмээсэн санал асуулга БНСУ-ын Хөх ордны албан ёсны сайтад байршсан. Энэхүү санал асуулга 200 мянга хүрвэл БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжилдаг бөгөөд энэ босгыг нэгэнт даваад буй. Тэгвэл энэ хэргийг Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс шалгахаар болсон тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. “Насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг иргэншил хамаарахгүйгээр, ямар ч нөхцөлд хамгаалах ёстой. Шалгалтын явцад хүний эрхийн зөрчил илэрвэл ийм хэрэг дахин давтагдахгүйн төлөө бүх арга хэмжээг авах болно” хэмээн Солонгосын Хүний эрхийн үндсэний комиссоос мэдээлсэн байна.
С.Сүлд