Цагдаагийн ерөнхий газраас төв талбайд өчигдөр амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Сүхбаатарын талбайд өчигдөр 19:35 цагт хүн өөрийгөө шатаалаа гэсэн мэдээлэл ирсэн. Хохирогч 24 настай О гэгч хүн байсан. Одоогоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүнтэй холбоотой олон мэдээлэл гарч байна. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.
Биеийн байдал нь хүнд байгаа иргэний тухайд мэдээллийн дагуу шалгаж байна. Бид шалгаж байгаа. Жагсагч биш гэдгийг нь тодорхой болсон. Хувийн шалтгаантай холбоотой зарим зүйлийг шалгана. Мөн амиа егүүтгэхийг завдсан иргэн шатахуун асгаагүй. Шатамхай бодис ашигласан. Урьдчилсан байдлаар уг бодисыг шатамхай бодисыг захаас авсан байж болзошгүй. Бид явсан маршрутыг нь шалгаж байна. Шатамхай төрлийн бодисын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь бусдад сэрэмжлүүлэг бус сэдэл өгөх эрсдэлтэй.