Ар зайсан орчмын дугуй цагаан шавар гэрүүдийг буулгасан асуудлыг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн албан хаагч халдсан талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн албан хаагч "Парламент" телевизийн сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэлд гомдол, мэдээлэл бүртгээд шалгалт явуулж байна. Цагдаагийн албан хаагчтай холбоотой ёс зүйгүй харьцсан, сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх, сэтгүүлчийг авч явахдаа бичсэн ноцтой мэдээллийг устгасан эсэх асуудал дээр цагдаагийн ерөнхий газраас албан шалгалт хийхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камер бүрэн ажиллаж байгаа. Тиймээс энэ асуудал дээр дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэсээс шалгах ажлыг үргэлжлүүлнэ" гэв.
Т.Мөнхжаргал