Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ сарын 11-нд Авлигатай тэмцэх газарт ажиллаж, санал солилцов.
АТГ-аас иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгаа болон хууль батлагдан гарсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Тус газраас иргэдээс өргөдөл гомдлыг албан ёсны веб сайт, цахим хуудас, 110 тусгай дугаарт эсхүл биет байдлаар хүлээн авдаг аж. Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуулийн төсөлд орон нутагт салбаргүй төрийн байгууллагуудад хэрхэн ажиллах, орон нутгийн иргэдэд хэрхэн шүгэл үлээх боломжийг бүрдүүлэх, шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгаа заагийг тодорхой болгох болон ямар асуудал дээр урамшуулал олгохыг тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.