
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолборт ажиллаж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК 2022 онд нэг үйлдвэртэй байсан. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд хоёр шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, нийт гурван үйлдвэрээс бүрдсэн экспортын цогцолбор үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Тус компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Нөөшилсөн бүтээгдэхүүн болон Анхан шатны мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байгаа юм. Улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин, хөргөлттэй зоорийн багтаамжаа 2 дахин, үйлдвэрийн талбай 3 дахин нэмэгдүүлжээ.
Одоогийн байдлаар 156 ажилчинтайгаар өдөр 50 тн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, импортыг орлохоос гадна экспортын орлогыг нэмэгдүүлж байна.
Мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 2025 онд өмнөх 2024 оны хөнгөлөлт 44.7 сая төгрөгийн буцаан олголт авсан бол ирэх 2026 онд 133 сая төгрөгийн буцаан авахаар болжээ.



















































