
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Газар шим үйлдвэр” ХК-д ажиллалаа. Тус компани 1999 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн "Газар шим" брэндийн өргөст хэмх, салат, ногооны нухаш, компот, эрүүл мэндийн "Артишок" ундаа зэргийг үйлдвэрлэж буй үндэсний баялаг бүтээгч юм.

"Газар шим үйлдвэр" ХК нь "Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, байр, агуулахаа өргөтгөн, түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлээд байна.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо 10,8 сая ширхэгт хүрч, 2023 оноос 44 хувиар өсч, үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ онд борлуулалтын орлого нь 35,6 хувьд хүрч өсөхөөр байгаа талаар тус компанийн захирал Ц.Ганбат танилцууллаа.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжиж хүүхдийн нухаш, майонез, кетчуп, амтат чили болон паста соусны таван нэр төрлийн импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэгчдэд өргөн сонголттыг бий болгож өгөөд байна.

Түүнчлэн 2400 тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, гүн хөргүүр бүхий байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж, нэг цагт зургаан тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан талаар мэдээлэл өгөв.




















































