
АНУ-ын Техас мужийн өмнөд хэсэгт байрлах Ларедо хотод ачааны галт тэрэгний вагон дотроос зургаан хүний цогцос олдсон талаар орон нутгийн цагдаа нар мэдээллээ.
Ослын талаар дуудлага тавдугаар сарын 10-ны үдээс хойш ирсэн бөгөөд "Union Pacific" компанийн төмөр замын ажилтан алслагдсан төмөр замын талбайд зогсож байсан вагон дотор хүмүүс нас барсан байдалтай байгааг илрүүлжээ.
Цагдаагийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн хэн болох, нас хүйс, иргэншлийг одоогоор тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар агаарын хэт халалт гол шалтгаан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тухайн өдөр Ларедо хотын агаарын температур цельсийн 36 хэм буюу Фаренгейтийн 97 хэм хүрсэн байна.
Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд вагон дотор өөр хүн байгаагүй, амьд үлдсэн хүн олдоогүй гэж албаныхан мэдэгджээ. Энэхүү хэрэг АНУ–Мексикийн хилийн бүсэд өмнө нь гарч байсан хууль бус цагаач тээвэрлэлтийн эмгэнэлт хэргүүдийг дахин санагдуулж байна. 2022 онд мөн Сан-Антонио хотын ойролцоо халуунд бүгчим чиргүүл дотор 53 хүн нас барсан аймшигт хэрэг гарч байжээ.
"Union Pacific" компани мэдэгдэл хийхдээ “Энэ харамсалтай явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” хэмээн дурдсан байна.
Л.Баяр


















































