
Шотландын Оркни арлын хамгийн хойд хэсэгт орших Норт Роналдсэй аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ. Данкан Уайлдер Торстейн Трэйл Суарес Форд есдүгээр сарын 15-нд мэндэлсэн бөгөөд 1992 оноос хойш тус аралд төрсөн анхны хүүхэд болжээ. Түүний ээж Алис Трэйл Форд CNN-д мэдээлэхдээ, анх хүүхдээ Коста Рикад төрүүлэхээр төлөвлөж байсан ч аралд ирснийхээ дараа төлөвлөгөөгөө өөрчилсөн гэж ярьсан байна.
Норт Роналдсэй нь Оркни арлуудын хамгийн хойд захад орших бөгөөд ердөө гурван милийн урт, хоёр милийн өргөнтэй жижиг арал юм. 2024 оны Шотландын Засгийн газрын мэдээллээр тус арал 72 хүн амтай байсан бол одоо 51 орчим хүн оршин суудаг гэж Алис Трэйл Форд хэлжээ. Алис Трэйл Форд гэр бүлийнхээ хамт Коста Рика болон Норт Роналдсэйд ээлжлэн амьдардаг бөгөөд түүний гэр бүл тус аралтай олон үеийн түүхэн холбоотой аж. Түүний гэр бүл Норт Роналдсэйг 1727 онд худалдан авч байсан бөгөөд Данкан хүү тэдний өвөг дээдсийн барьсан Холланд хаус хэмээх байшинд мэндэлжээ.
Хүүхдээ аралд төрүүлэх шийдвэр гаргахдаа гэр бүлийнхэн нь эмнэлгийн тусламжийн хүртээмж болон цаг агаарын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг тооцоолжээ. Норт Роналдсэйд эмнэлэг, эмч байдаггүй бөгөөд зөвхөн сувилагч ажилладаг. Арал болон Оркнигийн эх газрын хооронд усан онгоцоор ойролцоогоор хоёр цаг 40 минут явдаг байна.

Төрөх үед хоёр эх баригчийг эх газраас эргийн хамгаалалтын нисдэг тэргээр аралд хүргэжээ. Данкан есдүгээр сарын 15-ны өглөөний 04:00 цагийн дараахан мэндэлсэн байна. Алис Трэйл Форд төрөлт амжилттай болж, эх баригчид болон нутгийн иргэдийн дэмжлэг их байсан талаар ярьжээ. Түүний хэлснээр, арлын оршин суугчид шинэ хүүхдээ гэр бүлийн нэг хэсэг мэт хүлээн авч, хувцас, хоол хүнс, гар урлалын бүтээл зэрэг олон зүйлээр бэлэг барьсан байна.
Хүү мэндэлсний баярыг тохиолдуулан гэр бүл нь арлын оршин суугчдад дөрвөн навчит хошоонгор болон нутгийнхны “groatie buckies” хэмээн нэрлэдэг жижиг хясаагаар чимэглэсэн вискиний жижиг шил тараажээ. Норт Роналдсэй нь далайн замаг иддэг хонь, түүхэн гэрэлт цамхаг, нүүдлийн шувуудаараа алдартай. Одоо Данкан болон түүний гэр бүл арваннэгдүгээр сард Коста Рика руу буцахаар төлөвлөж байгаа ч цаашид Норт Роналдсэй болон Коста Рикад цаг хугацаагаа хуваан өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Л.Баяр




















































