
АНУ-ын прокурорууд Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарт Венесуэлийн засгийн газрын хяналтад хоригдож байсан америк иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотойгоор шинэ ял төлөвлөж байгаа талаар уг хэргийг мэдэх хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.
Шинэ ялтай холбоотой мэдээллийг пүрэв гарагт буюу өнөөдөр танилцуулж магадгүй байна. Шинэ хэрэг нь Мадуро Венесуэлийг удирдаж байх хугацаанд тус улсын шоронд хоригдож байсан АНУ-ын 10 гаруй иргэнийг хууль бусаар саатуулсан гэх асуудалтай холбоотой аж. АНУ-ын засгийн газар эдгээр иргэдийг Венесуэлийн эрх баригчид хууль бусаар хорьсон гэж үзэж байгаа юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд америк иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт оролцсон байж болзошгүй хэд хэдэн хүнд нэмэлт ял төлөвлөж байгаа талаар уг хэргийг мэдэх эх сурвалж мэдээлсэн байна.

Мадуро болон Флорес нарын эсрэг өмнө нь ч АНУ-д эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Тэднийг Венесуэлийн төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтран олон мянган тонн кокаиныг АНУ-д оруулж, үүнээс олсон орлогоор өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ, мөн Венесуэлийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг санхүүжүүлсэн хэрэгт буруутгажээ.
Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак нэмэлт ял төлөвлөж байгаа талаар өөрт нь албан ёсоор мэдэгдээгүй гэж CBS News-т мэдээлсэн байна. Харин Флорес пүрэв гарагт Нью-Йоркийн өмнөд дүүргийн холбооны шүүхэд барьцааны асуудлаар оролцохоор товлогджээ. Түүний хэргийг шүүх хурлаар хэлэлцэх урьдчилсан хугацааг 2027 оны зургадугаар сар гэж тогтоосон байна.
Ийнхүү Мадуро болон түүний эхнэрийн эсрэг хар тамхитай холбоотой өмнөх хэргүүдээс гадна Венесуэлийн шоронд хоригдож байсан америк иргэдийг эрүүдэн шүүсэн гэх шинэ, ноцтой хэрэг нэмэгдэх нөхцөл үүсээд байна.
Л.Баяр




















































