
АНУ-ын Корнеллийн их сургуульд 2024 онд болсон гэх бүлэглэн хүчиндсэн хэргийн талаарх сургуулийн удирдлагын хандлагыг эсэргүүцсэн оюутан, багш нарын хөдөлгөөн эрчимжиж байна. “Jane Doe” хэмээх нэрээр нэрлэгдсэн тус сургуулийн өмнөх оюутан 2024 онд Корнеллийн их сургуулийн “Chi Phi” ахан дүүсийн холбооны байранд хэд хэдэн эрэгтэйд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн байдаг. Тэрбээр өнгөрсөн сард тус их сургууль, ахан дүүсийн холбоо болон хэрэгт холбогдсон долоон эрэгтэйг хариуцагчаар татан иргэний нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд нэр дурдагдсан эрэгтэйчүүд буруутай үйлдэл гаргаснаа бүгд няцаасан байна. Харин уг хэрэгтэй холбоотойгоор Корнеллийн их сургуулийн оюутнууд, багш нар сургуулийн удирдлагыг хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжилж байгаа юм. Зарим багш сургуулийн захиргаанд итгэх итгэл нь алдагдсан гэж мэдэгдсэн бол багш нарын сенат сургуулийн захиргаанд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах тогтоол хэлэлцэж эхэлжээ.
Хэргийг тойрсон шүүмжлэл нэмэгдэх болсон нэг шалтгаан нь цагдаагийн байгууллага тухайн эмэгтэйн гаргасан хүчингийн талаарх мэдээллийг дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн товчилсон тайланд бүрэн тусгаагүй гэх мэдээлэл юм. Үүний дараа прокурорын газар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Мөн CNN-ийн мэдээлснээр, Корнеллийн цагдаа нар хэргийг мэдээлснээс долоо хоногийн дараа Verizon болон T-Mobile компаниудаас холбогдох мэдээлэл авах хүсэлт бүхий бичиг баримтын төсөл боловсруулсан боловч эдгээр хүсэлтийг үнэхээр илгээсэн эсэх нь тодорхойгүй байна.
Үүний зэрэгцээ уг хэргийн талаар шинэ аудио бичлэгүүд ил болжээ. ABC News-ийн олж авсан бичлэгт “Jane Doe” хэрэг гарснаас хэдэн долоо хоногийн дараа тухайн шөнө болсон үйл явдлын талаар ахан дүүсийн холбооны нэг гишүүнтэй утсаар ярьсан нь бичигдсэн байна. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр эмэгтэй тухайн шөнө болсон зарим үйл явдлыг санахгүй байсан аж.
Корнеллийн их сургуулийн захирлуудын зөвлөл АНУ-ын Хууль зүйн яамны Ерөнхий прокурорын орлогч асан Салли Йейтсийг сургуулийн бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар хараат бус шалгалт хийхээр томилжээ. Уг шалгалтаар “Jane Doe”-ийн хэрэгт сургуулийн зүгээс хэрхэн хандсан асуудлыг мөн авч үзэх юм. Оюутнуудын эсэргүүцэл ч үргэлжилж байна. Оюутны бүлгүүд хохирогч гэх эмэгтэйтэй эв санааны нэгдлээ илэрхийлж, долоон цагийн суулт зохион байгуулахаар төлөвлөжээ.























































