
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргажээ. Мөн зорчигчдын зорчих хэрэгцээнд нийцүүлэн богино эргэлтийн зургаан чиглэл шинээр нэмсэн байна.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгөхдөө шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд автобус үйлчилж байгааг онцоллоо.
Тэрбээр замын түгжрэлээс шалтгаалан автобус хүлээх хугацаа нэмэгдэж, хүртээмжид нөлөөлж байгааг дурдсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар автобусны чиглэлүүдэд тооцоолол хийж буйг хэллээ.






















































