
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Бага хурал 310 орчим гишүүнтэй, тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Хөдөө орон нутгаас Бага хурлын гишүүд ирсэн байгааг эх сурвалж мэдээлж байна. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхийн зэрэгцээ Намын их хурлыг хуралдуулах тов гаргах юм. Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөнө.
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Бага хуралд хэлэлцэх асуудлуудаа нэгтгэсэн. Мөн энэ удаагийн хуралд "Шинэчилье" хөдөлгөөний залуус ч чухал байр суурьтай оролцоно.
Өнөөдөр болох Бага хуралд С.Баяр, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нар оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.
Т.Энхэлээ