МАН-ын бага хурал хэдэн хором завсарласны дараа үргэлжлэн явагдаж байна. Бага хурлаар Их хурлыг хэзээ хийх талаар ярилцаж эцсийн товийг гаргажээ. Ингээд урьдчилан товлосны дагуу ирэх аравдугаар сарын 27-нд их хурлыг зохион байгуулахаар тогтсон байна. Өнөөдрийн хурлаар хөндсөн гол сэдвүүдийн нэг бол Их хурлын гишүүдийг нэмэгдүүлэх асуудал байлаа. Өдгөө МАН-ын Их хурал 712 гишүүнтэй. Гэтэл 220 мянга гаруй гишүүнтэй ууган намын хувьд энэ нь чамлалттай тоо гэдгийг хэлж байна. Тиймээс 220 мянган хүний төлөөлөл болж буй Их хурлын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байна. Улмаар дээрх асуудлаар санал хураахаар болжээ.Шинэчлэлийн хорооны үйл ажиллагааг бага хурлын гишүүд ерөнхийдөө дэмжиж байгаа аж. Харин Шинэчлэлийн хорооны гишүүд бага хурлыг хүмүүсийн хүсэн хүлээж байгаа шиг болж чадахгүй, өмнөх шигээ л болж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Ямартаа ч ирэх аравдугаар сард болох их хурлыг олон асуудлыг шийдсэн, дэвшилт, шинэчлэлтэй болох байх гэж найдаж байгаа аж. Энэ удаагийн бага хурал 23.00-00.00 цаг хүртэл хаалттай горимд үргэлжилнэ.
24tsag.mn


















































