Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзаан эдийн засгийн өнөөгийн байдлын талаар санал солилцож, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсан. Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг ч хуралдуулж болно гэж Ерөнхийлөгч хэлсэн юм. Уг уулзалтаас гарсан бас нэг чиглэл нь иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар байсан юм. Тиймээс холбогдох яамны сайдууд маргаашнаас эхлэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ. Тухайлбал Уул уурхайн сайд Д.Ганхуяг маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн Сангийн яамны сайд Ч.Улаан бондын зарцуулалтын талаар, Монголбанкнаас валютын ханшны тухай, үүнийг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлнэ. Эдгээр мэдээллийг хийх цаг өдөр одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн ирэх долоо хоногийн хоёрдахь өдрийн 14.00 цагт болох “Шинэчилж шийдье” уулзалтаар Засгийн газраас цаг үеийн асуудлаар ямар шийдэл хэрэгжүүлж буй талаар нээлттэй танилцуулах гэнэ.



















































