
МАН-ын Шинэчлэлийн хорооныхон ирэх аравдугаар сарын 27-ны өдөр болох намын Их хурал хүртлээ 21 аймагт ажиллаж, гишүүд дэмжигчдээсээ шинэчлэлийн талаар санал авч байгаа. Тэгвэл тэд өчигдөр Орхон аймагт шинэчлэлийн өргөөгөө барьж, “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлье, Нийгмээ хөгжүүлье” сэдэвт улс төрийн илтгэл, хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгуулж, иргэдтэй санал бодлоо хуваалцсан байна. Тус зөвлөгөөнд оролцсон хүмүүс “Монголын төр хорт хавдартай болсон байна. Наймаачдаар дүүрч, шударга үзэл бодолтой хүмүүсээ гудуурхдаг болж. МАН-д хаанчлал тогтсон байна. Мөн хариуцлагын тогтолцоо алга, авлига хээл хахуульд хэт нэрвэгдэж, жирийн гишүүдээ мартаж байна. Намын чуулга уулзалт, хуралдаан нь хэсэг хүмүүсийн үр дүнгүй цугларалт, цаг үрсэн дэмий зүйл болон хувирч. Хурлыг жинхэнэ утгаар нь хийдэг, ард иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг хүчирхэг нам байхыг хүсч байна” гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Мөн МАН-ын 27-р Их хурлаас шинэчлэлийн их тэсрэлтийг хүлээж хэмээн тэд ярьжээ.
Т.Энхэлээ