
Тэрбээр хэлсэн үгэндээ, өдгөө цөөнгүй улс оронд цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа нь хүний эрхэд ноцтой заналхийлэл учруулж байгаа тухай НҮБ-ын тайланг хүлээн зөвшөөрч, цаазаар авах ялыг халахад хувь нэмрээ оруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан цаазаар авах ялыг хориглон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг соёрхон баталж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурлыг энэ онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Хүний эрхийн тусгай мандат эзэмшигчдэд нээлттэй байж, хамтран ажиллах зэргээр багагүй ололт амжилттай байгааг мөн тэмдэглэв.
Сирийн нөхцөл байдал улам хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдүүд олноор амь насаа алдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлж, хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийг таслан зогсоох талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн аль нэг тал химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдох аваас энэ нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг болох бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл арга хэмжээ авч, хариуцлага тооцох учиртай болохыг дахин нотлов.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийлэв.