
Мөн энэ өдөр сайд Л.Болд Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Масүүд Халидийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс нь Пакистан Улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орон гэж үздэг бөгөөд Пакистан Улстай хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх сонирхолтой болохыг уулзалтаар онцолсон юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мухаммад Азизул Хакуег Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан мөн хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт өргөтгөх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.