
Тэрээр өнгөрсөн оны долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж байсан юм. Энэ удаагийн уулзалтаар хатагтай Р.Отунбаева Монголд шүүхийн шинэтгэл хэрхэн явагдаж байгааг түлхүү сонирхсон бөгөөд сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулсан Монголын туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ардчиллын зам мөрөөр Монгол Улс хурдацтай хөгжиж байгааг тэрээр онцлон тэмдэглэж байсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Ерөнхийлөгч асан Р.Отунбаевыг анд нөхрөө хэмээн хүндэтгэдгээ энэ үеэр илэрхийлж, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хүнсний салбарт явуулж буй хоёр орны хамтын ажиллагаанд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.