УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар дараахь хуулиудын хэлэлцэх эсэхийг гишүүдийн санал хураалтаар шийдэх юм. Үүнд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж байна. Өчигдөр болсон байнгын хорооны хурлаар Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийн хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан хуралдсан байна. Харин энэ ажлын хэсэгт орох байсан МАН-ын гишүүд хуралд сууж чадаагүй тул гомдолтой байгаагаа хэллээ. Уг хуулийн төслийг ажлын хэсгээр сайтар хэлэлцсэний дараа чуулганаар оруулна гэж байсан аж. Харин ажлын хэсгийн ахлагч Д.Арвин амжихгүй болсон тул С.Одонтуяа гишүүн ахалж, хуралдсан байна. Энэ хуралд МАН-ын гишүүд сууж чадаагүй тул өнөөдрийн чуулганыг маргаантайгаар эхлүүллээ. Яг одоо УИХ-ын гишүүн Н.Батбаяр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг танилцуулж байна.



















































