
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч намрын ээлжит чуулган руу шилжүүллээ. Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийн төслийн тухайд гишүүдээс нийт 170 гаруй санал гарч, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. Гэсэн ч техникийн болон зарим асуудлаас болж өнөөдөр эцсийн байдлаар батлах боломжгүй болсон учраас ийнхүү Намрын ээлжит чуулган руу шилжүүллээ.
Мөн Урт нэртэй хуультай холбоотойгоор ажлын хэсэг гаргасан тул намрын ээлжит чуулган руу шилжүүлэхээр боллоо. УИХ-ын дарга З.Энхболд "Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүд яамдын мэдээлэл, ажлын хэсгийн мэдээллийг сонсож, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой боллоо" гэснээр энэ удаагийн ээлжит бус чуулган өндөрлөлөө.