НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцлоо. Францын Гадаад хэргийн сайд Монгол Улс эдийн засгийн хөгжил, ардчиллыг хөгжүүлэх чиглэлд олсон ололт амжилтаараа өөрийн бүс нутагт үлгэр жишээ улс болж байгааг онцлон тэмдэглэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Францын тал онцгойлон сонирхож байгааг нотлон илэрхийлэв.Сайд Л.Болд Монгол, Францын хамтын ажиллагааг цааш өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэг дээр санал нэгтэй байгаагаа цохон тэмдэглэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны эхээр Бүгд Найрамдах Франц Улсад хийх айлчлал энэ чиглэлд хийх чухал алхам болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажилд чухал ач холбогдол өгч байгаагаа дурдаад үүнд Францын Гадаад хэргийн сайдын Монголд хийх айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа мөн илэрхийллээ.


















































