
УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэгдэж буй хуулиудын төслийн талаар МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт, мэдэгдэлдээ эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсний бурууг бусдаас хайхаас илүүтэй намууд санал бодлоо уралдуулж хүндрэлийг даван туулах зөв гарц олох шаардлагатайг эрх баригчдад сануулсан. Мөн ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардсан билээ. Гэвч өнөөг хүртэл эрх баригчид мэдэгдэлд хариу өгөхгүй байгаа учраас дахиад албан бичгээр шаардахаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Тэрээр "Парламент бол зөвшилцлийн байгууллага. МАН сонгуулиар сонгогчдын 40 хувийн итгэлийг хүлээсэн нам. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээл эрх баригчдын явуулж буй бодлогын болоод ажлын арга барилын алдаанаас үүдэлтэй гэж бид дүгнэж байгаа. Засгийн эрх баригчид аливаа бодлого, шийдвэрээ хүчээр тулгах нь буруу жишиг. Энэ байдлыг засахын тулд МАН-ын бүлгийн гишүүдийг байнгын хороодод эн тэнцүү тэгш эрхтэй оролцох эрхээр хангах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ. Үүний тулд МАН-ын бүлгээс байнгын хороод дахь гишүүдийн хуваарилалтыг хуульд нийцүүлэх шаардлагыг тавихаар төлөвлөж байна.