Ардын нам аравдугаар сарын 27-нд намын XXVII их хурлаа хийх гэж байна. Энэ удаа намын дүрмийн өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эхлээд чамгүй олон асуудал хэлэлцэнэ. Хурал ч нэлээд хэд хоног үргэлжлэх нь тодорхой. МАН хэмээх томоохон институцийн хувьд дарга, удирдлага нь хэн байх, намын ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох, Удирдах зөвлөлийн гишүүд хэн байх нь анхаарал татаж байгаа зүйлүүдийн нэг юм. Удахгүй болох Намын их хурлын асуудлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Их хурлын бүх бэлтгэл ажил хангагдаад явж байна. Яг энэ өдрүүдэд МАН-ын Их хурлын төлөөлөгчийг сонгох нээлттэй өрсөлдөөн болж байна. Намын Их хурлын төлөөлөгч нар үүрийн хурлаас чөлөөт өрсөлдөөнөөр намын гишүүдийн саналаар сонгогдож байна. Нэг үүр дээр дээд тал нь 20-30 хүн өрсөлдөөд явж байна. Хоёрдугаарт Их хурлаараа Монголын улсын хөгжлийн бодлого, хууль шүүх, хяналтын байгууллагуудын асуудлыг ярилцана. Мөн ядуурлыг хэрхэн бууруулах, ард иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх, хэрхэн айл бүрийг байр орон сууцтай болгох, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн боловсронгүй болгох вэ, Эрүүл мэндийн үйлчилгээг яаж ялгаваргүй үзүүлэх вэ” гэх мэт үндсэн таван чиглэлээр хөгжлийн хөтөлбөр боловсруулж нийт гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлж байна. Улс орноо хөгжүүлэхийн тулд намаа хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудлын хүрээнд “Урагшаа 21” гэсэн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ бүхнээ 27-ны өдрийг хүртэл нийт гишүүд, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлнэ" гэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)