АН-д байгуулагдаад удаагүй байгаа шинэ жигүүр өчигдөр “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. “Жигүүр”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн. Түүнд АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн юм. Харин өчигдөр үдээс хойш хэлэлцүүлэгт цугласан гишүүдийн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргаж, намын удирдлагад хүргүүлэхээр болжээ. Үүнд, Ардчилсан Намын Үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлж байгаа дунд шатны намууд дээр гарсан маргааныг 2013 онд багтаан шийдвэрлэх, Ардчилсан Намын Жигүүрээс 2013 оны аравдугаар сарын 1-ны өдөр хүргүүлсэн албан шаардлагыг нэгбүрчлэн биелүүлэхийг шаардсан байна.
Хэлэлцүүлгээс гарсан эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуралд оролцогчдын зүгээс дараагийн арга хэмжээ авч ажиллах болсныг мэдэгдсэн байна.
Т.Энхэлээ



















































