
Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотноо Монгол Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Энэ удаад Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр тал хуралдах бөгөөд Монголын талын төлөөлөгчдийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун даргалах аж. Энэ удаагийн хуралдаанаар Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр "Биокомбинат" ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх яриа хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах, хөдөө аж ахуй, байгаль экологийн салбарт томоохон судалгаа хийх талаар дэлгэрэнгүй ярилцана.