
МАХН дахь "Шударга ёс" бүлгэм өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Шинэчлэлийн Засгийн газрын 2012-1013 оны үйл ажиллагааг хангалттай сайн гэж үнэлээд "Өнөөгийн Монголын нийгэмд хуримтлагдсан шийдэгдээгүй асуудал олон байгаа
боловч, нэг жил гаруйхан хугацаанд ажиллаж буй Шинэчлэлийн Засгийн
газар чамлахааргүй ажил амжуулжээ. Гадаад зах зээл дээрх манай ашигт малтмал, ялангуяа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан гарч ирсэн төсөв дэх цоорхойг Шинэчлэлийн Засгийн газартай холбон шууд буруутгах аргагүй" хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Түүнчлэн тус бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан “Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтийн дүнд гарч байсан эдийн засгийн таатай нөхцөлд буруу ажиллаж ирсэний гор одоо гарч ирж байгааг ч хэлэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг сайнаар үнэлж байгаа нь өөгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг биш, улам эрч хүчтэй сайн ажиллах урмын үг гэж ойлгох хэрэгтэй. Инфляцийн түвшинтэй уялдуулан, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх оновчтой хувилбарыг сонгож олох шаардлагатай байна” гэв.