"Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн түүхийн музейд дэлгэгдлээ. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ уралдааныг зохион байгуулсан юм.Хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэсэн сайн засаглал хөгжүүлэхэд монголчуудын туулсан бэрхшээл, хүрсэн амжилтыг баримтат гэрэл зургаар харуулах нь уралдааны зорилго юм байна. Үзэсгэлэнд тавигдсан шилдэг бүтээлүүдээс манай залуус сайн засаглал, ил тод байдлыг ямар хэмжүүрээр дүрслэн буулгасныг харах боломжтой аж.
“Урлагийг засаглалтай хослуулсан энэ шинэлэг хэлбэр өөрөө сайн засаглалыг тодорхойлж байна” гэж үзэсгэлэнг нээхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцоллоо.
Иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн шүүгчдийн шалгаруулсан 44 шилдэг бүтээл үзэсгэлэнд тавигджээ. Уралдаанд оролцогчдын олонх нь сонирхогчид, мэргэжлийн бус хүмүүс байснаас эхний гурван байрт Э.Энхтулга, Ө.Эрдэнэбилэг, С.Тэмүүлэн нар шалгарчээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 17-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд ажлын цагаар олон нийтийн хүртээл болох юм байна.
Т.Энхэлээ



















































