
Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эргүүлэн татахаар болсон юм. Тэдний оронд Франц улсад М.Батсайхан, Германд Ц.Болор, Канадад Р.Алтангэрэл, Швейцарийн холбооны улсад В.Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор боллоо.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг зөвшилцөөд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжсэн байна.
УИХ-ын гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдэд гадаад оронд байгаа монгол иргэддээ үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахыг захисан. Мөн Монгол Улсаа сурталчлах, улсынхаа нэр хүндийг унагааж байгаа хил дамнасан хууль бус наймаанаас болгоомжлохыг анхааруулж байлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ.