
УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцэж байна. Гишүүд Монголбанкыг Засгийн газраас хараат байж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хариулахдаа “Засгийн газарт хэдэн төгрөгийн зээл өгсөн бэ, үнэт цаасыг хямдруулж худалддаг уу гэдгээр Монголбанкны хараат, хараат бус эсэхийг дүгнэдэг. Монголбанк 2013 онд Засгийн газарт нэг ч төгрөгийн зээл өгөөгүй. Аливаа төрлийн үнэт цаасыг Монголбанкинаас хямдруулж худалдаж авдаг байдлыг халсан. Тиймээс энэ шүүмжлэлийг үндэслэлгүй гэж хэлмээр байна. Мөн бодлогын хувьд ЗГ нөлөөлж байна гэж шүүмжилдэг. Мөнгөний бодологын зөвлөл гэж тусдаа байгуулагдсан учраас Засгийн газраас нөлөөлөх зүйл байхгүй. Моргейжийн зээлийг олгож байгаа нь ЗГ-т тусалсан гэдэгт хамаарахгүй. Энэ бол Монголын эдийн засагт, иргэдэд өгсөн дэмжлэг" гэлээ.