
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. УИХ-ын гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас ирэх жилийн мөнгөний бодлогыг ямар байдлаар төсөөөлж байгааг асуулаа. Тэрбээр "Эдийн засгийн хүндрэл, халамжийн бодлого, хэрэглээний зээлийн өсөлт улсын эдийн засгийн хэтийн төлөвт сөрөг нөлөөтэй. Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хэтийн төлөв нь экспортоо дэмжих хөтөлбөрийг эрчимжүүлье гэсэн байгаа. Эдийн засаг уул уурхайгаас 95 хувь хамааралтай байгааг бууруулъя гэсэн бодлоготой байгаа. Ойрын 3,4 жилд экспортын 30 хувийг уул уурхайгаас бусад чиглэл рүү шилжүүлнэ. Хувийн сектор дээрээ суурилж энэ хөтөлбөрийг 2014 онд эхлүүлнэ" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар" Засгийн газар гадаад өрөө нэмэгдүүлж байгааг дэмжиж байгаа юу? хэмээн асуулаа. Үүнд, Засгийн газрын өрийн хэмжээний хуулийн талаар Монголбанк зөв буруу гэж дүгнэлт өгөхөд хэцүү. Одоогийн хуульд тийм эрх, үүрэг байхгүй учраас хууль өөрчлөгдсөн тохиолдолд бид саналаа өгнө. Мэдээж энэ талаар дүгнэлтээ хэлэхэд нэлээн тооцоо судалгаа хэрэгтэй учраас Монголбанкны зүгээс дүгнэж хэлж чадахгүй байна" гэснээр чуулган завсарлалаа.
Үдээс хойшхи хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, мөнгөний бодлогын талаар мэдээлэл өгнө.