Хоёр хоногийн дараа МАН-ын Бага хурал болж, гурван өдрийн дараа “шинэчлэлийн” гэх хүлээлт үүсгээд байгаа Их хурал эхлэх гэж байна. Энэ хурлын содон хүмүүсийн нэг нь яах аргагүй өөрийгөө намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн Б.Энхмандах. Тэрбээр МАН-ын лидерүүд дунд нэр цэвэр хүн байхгүй гэсэн шүүмжлэлийг ашиглан “Би цэвэр” гэх Б.Бат-Эрдэнэ аваргатай адил имижтэй гарч ирж байна. Харин түүнийг МАН-ын гишүүд нь хэрхэн хүлээн авч байгаа нь сонирхолтой. Б.Энхмандах өмнө нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хоёр яамд дэд сайд байсан. Мөн олон оронд элчин сайдаар ажиллаж байв. Гэсэн ч одоо түүнийг дэмжих, бүр эргэн санах хүний тоо МАН-ын гишүүдийн дунд цөөрсөн бололтой.Учир нь түүнийг намын генсек болно гэж гарч ирэхэд “Энэ хэнсэн билээ?” гэж асуухад залуучууд олон болсон байна. 1997 онд Казиногийн гэх хэрэгт холбогдож, түүнээс арван жилийн дараа 2007 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байснаас өөрөөр олны хараанд өртөж байгаагүй нэгэн. Олон жил элчин сайдаар ажиллаж байх хооронд нь намд нь залуучууд давалгаалаад ороод ирчихэж. Тиймээс Б.Энхмандахыг “хэн билээ?” гэж асуух хүн олон байгаа аж.
Үүнийг нотлох мэт Б.Энхмандахыг МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохоор өрсөлдөхөд нь хэн ч дэмжээгүй байна. Тэрбээр саяхан 1134 хүний бүрэлдэхүүнтэй Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн үүр дээр очиж өрсөлджээ. Гэвч түүний төлөө саналаа өгөх хүн байгаагүй тул унасан байна. Өөрийгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн гэдгийг тодруулж хэлээд ч санал авч чадаагүй аж. Бас нэгэн эх сурвалж түүнийг Сонгинохайрхан дүүрэгт очоод мөн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй гэж мэдээллээ. Гэсэн ч энэ нь баттай биш юм.
Ийнхүү Ерөнхий нарийн бичгийн дарга асан, элчин сайд Б.Энхмандахад намынхаа Их хуралд багтах зай олдсонгүй. Ийм байтал Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг аваад Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэдэг хэцүү болжээ. Тусгаар тогтнолын ордныхон бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат нарт санал хуваагдаад бужигнаж байгаа тул Б.Энхмандахад төдийлөн анхаарал тавихгүй байна. Уг нь тэрбээр бусдыгаа бодвол мөрийн хөтөлбөрөө гишүүддээ ном журмаар нь танилцуулаад явж байгаа. Гэхдээ МАН-ын гишүүд арай өөр лидерийг хүлээгээд ч байх шиг.




















































Сэтгэгдэл (6)