
Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжиж буй Францын Гадаад хэргийн сайдын анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг цаашид “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзлэлийн нотолгоо болов.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Францын “Арева Монгол” ХХК нар “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-нд гарын үсэг зурсныг хоёр тал талархан тэмдэглэв.
“Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан “Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн үзэл санаанд бүрэн нийцэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал суурь болно гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, үүний дотор эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.