
Тэрбээр уг ярилцлага нь зохион байгуулалттай, захиалгаар хийлгэсэн гүтгэлэг гээд үүний цаана Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат байх магадлалтай гэдгийг дурдлаа. Тэрбээр "С.В.Паушок 1997-1998 оны үед Монголд орж ирээд алт олборлолтын бизнес эрхэлсэн. Ерөнхийдөө Монголын хуулинд захирагддаггүй, татвараа төлдөггүй байсан. 40 шахам ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авч үйл ажиллагаа явуулж, тэр үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь Монголын төр хууль, хяналтыг оруулдаггүй, Монголын зарим улс төрчдөөр бамбай хийж, тэдний нөмөр нөөлөгт дуриараа дургиж байсан. 2006 онд 68 хувийн гэнэтийн ашгийн албан татварын хууль гэж гарсан. Энэ хуулийн дагуу татвар төлөхөөс зайлсхийж, үүнийг нь Монгол банкны дарга байсан О.Чулуунбат өөхшүүлж, 1,5 тонн алтыг Монгол банкинд хадгалалт нэрийдлээр байлгаж татвар төлөхөөс зайлсхийсэн. Дараа нь С.В. Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрийн шүүхэд хандсан. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлүүлсэнд С.В.Паушок хорсч яваа" гэсэн юм. Тиймээс ETV телевизэд өгсөн С.В.Паушокийн ярилцлага нь гүтгэлгийн шинжтэй гэсэн тайлбар өгсөн.