
Элчин сайд Т.Ганди нутаг нэгтнүүддээ улс орны хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Монгол, Унгарын уламжлалт харилцааны өнөөгийн явц, түүнийг хөгжүүлэх чиглэлээр хоёр талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.
Түүнчлэн Монгол Улсын хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг таниулах хүрээнд тухайн орон нутагтаа улс орноо сурталчлахыг зөвлөж, суугаа орныхоо туршлагаас суралцах, эх орондоо нэвтрүүлэх санаачилгыг ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллах талаар ярив. Мөн тэрбээр иргэдэд гадаадад буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээ, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох ажлын талаар танилцуулаад иргэд эх орон, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, аливаа хууль зөрчсөн үйл явдлаас ангид, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байхын чухлыг онцлон ярилцав. Уулзалтын үеэр ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээг хүргэж ажиллав.
Элчин сайд Хөдьес хотын удирдлага, тус үйлдвэрийн эзэнтэй уулзаж, манай иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв. Хөдьес хотын удирдлагатай уулзахдаа улс орныхоо хөгжлийн өнөөгийн байдлын талаар товч дурдаад, орон нутаг хооронд түншийн холбоо тогтоох, бизнесийн салбарт хамтран ажиллах бололцоо, боломжийн талаар санал солилцов.
Тус хот дахь оёдлын үйлдвэрт 1999 оноос хойш монгол иргэд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус ХХК-д 16 монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний олонх нь тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа юм.