
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны 35 жил, Монгол-БНЧУ-ын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нээн илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНЧУ-ын иргэн, инженер Моёмир Краутерыг алтан гадас одонгоор шагнасныг Монгол улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэ сарын 28-нд Прага хотноо гардуулж баяр хүргэлээ.
Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал Б.Намхайнямбуу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн медалиар Монгол-Чехословакийн хамтарсан хайгуулын ангид ажиллаж байсан геологич Владимир Миклаш, Бохумил Пиха, Эмануэль Коминек болон “Геомин” компанийн захирал Иржи Шоурек нарыг шагналаа.