
Дараа нь Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийж, гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Сайдын танилцуулгад дурдсанаар иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллын усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, бичил санхүүжилтийг дэмжих зорилго бүхий төсөл хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд Улаанбаатарын гэр хороололд зургаан дэд төв байгуулагдах юм байна.
Гэр хорооллын дулааны хангамжийн асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд санал хэлэхдээ, ус халааж шахдаг хуучин технологиос татгалзаж, нүүрсийг газ болгож ашиглах технологийг нэвтрүүлэх нь зардлын хувьд хэмнэлттэй болоод зогсохгүй дулааны алдагдал, хүйтний улирлаас шалтгаалсан шугам хоолой хөлдөх зэрэг бэрхшээлтэй тулгарахгүй давуу талтай. Тиймээс дулааны хангамжийн технологийн энэ саналыг АХБ-тай байгуулах төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөлд заавал тусгуулах талаар байр сууриа хатуу илэрхийлж байв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.