Монголд уран олборлох гэрээнд Гадаад харилцааны яамны сайд Л.Болдыг Францын талтай хамтран гарын үсэг зурсан хэмээн ойрын өдрүүдэд хэвлэлээр шуугиад байгаа билээ. Тэгвэл тус асуудлыг Л.Болд сайд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр уг айлчлалын үеэр уран олборлох гэрээ, хэлэлцээрт ямар ч гарын үсэг зураагүй, тус мэдээллийг нэр бүхий улс төрийн нам, бүлэглэлийн зүгээс цацсэн гэж үзээд үүнийг эрс эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлсэн юм. Харин айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт л гарын үсэг зурсан” гэв. Мөн айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, соёл спорт гэх мэт хэд хэдэн гэрээнд гарын үсгээ зуржээ. Тухайн үед хоёр талаас албан ёсоор гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар ил тод мэдээлж байсан гэж албаныхан хэлж байна.
Харин уран олборлох гэрээний асуудлын хувьд цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Францын “Арева” компанитай Монголын төрийн өмчит “МонАтом” хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан байна. Ингэхдээ хамтын ажиллагаа нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-той нийцэж байх ёстойг манай тал мэдэгдсэн гэдгийг Гадаад харилцааны сайдын зөвлөх онцоллоо.

















































Сэтгэгдэл (1)