Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар тус улсын Ерөнхийлөгч Далиа Грибаускаитед энэ сарын 14-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөгч Д.Грибаускаите Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс сайн хамтран ажиллаж ирснийг дурдаж, олон улсын тавцанд Монгол Улсын гүйцэтгэж буй үүрэг, идэвхтэй байр суурийг талархан дэмжиж буйгаа илэрхийллээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ардчилсан ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа цохон тэмдэглэв.

Мөн Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд Андрюс Кривас Элчин сайд А.Ганбаатарыг ИЖБ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцож цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.


Сэтгэгдэл (1)