
Уулзалтад шийдвэр гаргах төвшний төлөөлөл, Орон нутгийн удирдлагуудын төлөөлөл, Бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн байгуулагуудын төлөөллүүд оролцох бөгөөд нийтдээ 800 орчим төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлт, хаалтын ажиллагааг орон даяар шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ. Энэ үеэр таван салбар хуралдаан хуралдана.
Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулахаар болжээ. Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Уулзалтыг нээж 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа салбар хуралдаанууд болж 16.40 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцах юм байна.