
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзана хэмээн УИХ-ын даргад өргөдлөө өгөөд байгаа. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол гэж олон нийт хүлээж буй. Үнэхээр Р.Амаржаргал суудлаа өгч чадах уу? гэдгийг сонирхон харж байна. Тэгвэл энэ удаа Р.Амаржаргал гишүүний уг өргөдөл "шоу" болоод өнгөрөх төлөвтэй боллоо. Учир нь намынхан нь түүнийг "суудлаасаа татгалзах эрхгүй, ганцаараа шийдэх асуудал биш" гэх зэргээр байр сууиа илэрхийлж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан эхлээд түүний шийдвэрийг дэмжиж байсан ч сүүлийн үед "Тэмцлийн замаасаа буцаж болохгүй" гэх зэрэг үг дайх боллоо.
Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Р.Амаржаргал хэдэн зуун мянган сонгогчийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сууж байгаа хүн. Хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргах эрхгүй. Дургүйгээ хүрэхээр ч юм уу аль эсвэл тэмцэлд няцаад ингэж байгаа бол УИХ хүлээж авахгүй" гэж мэдэгджээ. Р.Амаржаргалын хүсэлтийг ҮЗХ-ны хурлаар ч хэлэлцэхгүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэх аж. Гэхдээ АН-ын генсек болон бусад гишүүдийн хандлагаас харахад Р.Амаржаргалын суудлыг зүгээр "тавиад туухгүй" нь тодорхой болж эхэллээ.