
Шинэчлэлийн Засгийн газар АНУ-ын нэгэн лобби группыг 600 мянган ам. доллар буюу 1,05 тэрбум төгрөгөөр хөлсөлж буй гэх мэдээлэл mining.com болон politico.com сайтад нийтлэгджээ. "Venn Strategies" компанийг өнгөрсөн жилийн турш сарын 45.000 ам.доллараар хөлсөлж эхэлсэн бөгөөд маргаан дагуулаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг иргэдэд тайлбарлах, хөрөнгө оруулагчдыг татах зорилготой хэмээн бичсэн байна. Гэхдээ "Venn Strategies" компани нь АНУ-ын топ 20 лобби компанийн тоонд ордоггүй аж. Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн лоббид тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч хөрөнгө оруулагчдыг хэрхэн татаж чадах нь бүрхэг хэвээр байгааг ч дээрх гадны эх сурвалжууд дурдсан байна.