МАН-ынхан маргаашнаас эхлэн дөрвөн хэсэг болж орон нутагт ажиллахаар болжээ. Тодруулбал тэд намынхаа 27 дугаар их хурлын шийдвэрүүдийг үүрийнхээ гишүүдэд танилцуулж орон нутгийн иргэдтэй уулзаж ярилцах юм байна. Ингэхдээ тус намын дарга нар аймгуудаа хуваан авч, нэгэн зэрэг очиж ажиллах гэнэ. Хангайн бүсийн аймгуудыг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-амгалан, Я.Содбаатар нар удирдан ажиллах бол төвийн бүсэд Ж.Эрдэнэбат Н.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар ажиллана.
Харин зүүн аймгуудад Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, баруун аймгуудад Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Дашдорж, А.Телейхан, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Тэдний орон нутагт ажиллах хугацаа ирэх сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм байна.


















































