ОХУ-ын Үндсэн хууль батлагдсаны болон Холбооны хурал байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 14-нд Москва хотноо Олон улсын парламентын хоёрдугаар чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгч, үүний дотор Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын Парламентын бүлгийн дарга Л.Цог урилгаар оролцов.

Тэрээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан, “Улс төрийн болон сонгуулийн системийг хөгжүүлэх олон улсын туршлага”, “Үндсэн хуулийн шинэчлэл. Оросын болон олон улсын туршлага” сэдэвт салбар хуралдаануудад оролцсоноос гадна ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин, Австрийн Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Райнхард Тодт, ОХУ-ын Төрийн Думын депутат В.Жириновский, И.Матханов нар, Төрийн Думын Аппаратын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга М.Пашков болон бусад албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов. Чуулганы нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин удирдан явуулж, үндсэн илтгэлийг Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко тавилаа.


