
ШӨХТГ-т хандах иргэдийн тоо нэмэгдэж, санал гомдлуудын хэмжээ ч замаа алдсан сураг гарав. Иргэдийн санал гомдлын ихэнх нь бизнес эрхлэгчдийг, үндэсний хөрөнгөтнүүдийг буруутгасан шударга бусаар өрсөлддөг, ард түмнийг шулж байгаа талаар юм. Иргэдээс ирсэн саналын дагуу ШӨХТГ-ынханы ажил ч барагдахаа байж. Тиймээс орон нутгийн иргэдээс ирсэн саналыг тухайн газар нь шалгаж шийдвэрлэдэг болох асуудал тодорхой хүрээнд яригджээ. Ингээд ШӨХТГ-ын салбаруудыг аймгуудын төвд байгуулж болох эсэхийг судлах, тандах ажил хийгдэж эхэлсэн мэдээлэл улам л хүрээгээ тэлж байна.
Уг нь энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга О.Магнай албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Гэвч ийм судалгаа шинжилгээ хийгдэж байгаа талаарх О.Магнай даргын яриа бизнес эрхлэгчдийн чихэнд хүрчээ.
Энэ тухай "BSB" компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан “О.Магнай ШӨХТГ-ын салбаруудыг аймгуудад байгуулна гэж ярьж байна гэж сонссон. Ёстой болохгүй юмны нэг гэж бодож байна. Хөдөө байгаа жижиг дундуудыг багалзуурдах нь л дээ. Шуудхан хэлэхэд үүргээ огт ойлгодоггүй нөхрийг энэ суудалд тавьсан юм шиг санагдах боллоо” хэмээн байр сууриа илэрхийлээд удаагүй. Өөрөөр хэлбэл ШӨХТГ-ын салбарыг аймгуудад байгуулбал орон нутгийн бизнес эрхлэгчдийг шалгаж цагдах ажил нэмэгдэнэ гэж болгоомжлоод байгаа бололтой. Орон нутгийнхаа дошин дээр босс болсон бизнес эрхлэгчид ч гэсэн энэ асуудалд таатай хандахгүй нь ойлгомжтой. Харин хөдөөгийн ард иргэд энэ шийдлийг алга ташин хүлээн авч мэднэ.
ШӨХТГ-ын салбарыг орон нутагт байгуулах тухай энэхүү мэдээлэл нь үнэн бол О.Магнай дарга бодлогоо УИХ, Засгийн газарт өргөн барьж шийдүүлнэ. Тэр үед бизнес эрхлэгчид ч гэсэн УИХ, Засгийн газарт гомдол мэдүүлэн заргалдана. Хоёр талын энэ сонирхол дээр орон нутгийн бизнес эрхлэгчдийн санал хүсэлт ч нэмэгдэж таарна. Тэгэхээр талуудын байр суурь эцэстээ Засгийн газраар орж байж шийдэгдэнэ гэсэн үг л дээ. Асуудал ийм л байдал руу гулсан орж мэдэхээр байна.
Ийнхүү О.Магнай даргын ШӨХТГ-ын салбарыг аймгуудад байгуулж болох талаарх судалгаа, байр суурь эцэслэгдээгүй ч бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж бухимдлыг төрүүлж эхэллээ.
Сэтгэгдэл (5)